Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:19

[1] Би өөрийн амьдралаа үзэн яддаг. Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.

[2] Би Бурханд "Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч" гэж хэлэх болно.

[3] Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан, хэрэгсэхгүй болгож, хорон муу хүмүүсийн хуйвалдаануудыг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?

[4] Танд махан нүд байдаг уу? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?

[5] Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил, эсвэл Таны жилүүд хүний жилүүдийн адил болоод

[6] Та миний гэм бурууг хайж, миний нүглийг ухаж төнхдөг үү?

[7] Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.

[8] Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?

[9] Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач. Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?

[10] Та намайг сүү шиг цутгаж, бяслаг шиг бүрэлдүүлж,

[11] намайг арьс ба махаар хучиж, яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?

[12] Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ. Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.

[13] Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ. Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.

[14] Хэрэв би нүгэл үйлддэг бол, тэгвэл Та намайг ажиглан харж, миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.

[15] Хэрэв би хорон муу бол би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй, ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан би.

[16] Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан. Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.

[17] Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж, над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг. Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.

[18] Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ? Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!

[19] Би огт байгаагүй мэт хэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.

[20] Би удаан амьдарна гэж үү? Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,

[21] харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө. Би буцаж ирэхгүй билээ.

[22] Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд харанхуй мэт гэрэлтдэг билээ гэв.

Иов — Chapters