Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:06

[1] Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн —

[2] Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюу Бурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.

[3] Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж, Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.

[4] Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.

[5] Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар, хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.

[6] Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж, хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.

[7] Би хотын дааман хаалга уруу гарч, талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд

[8] залуус намайг хараад нуугдаж, өвгөд босож, зогсдог байв.

[9] Ноёд үгсээ хорьж, гараараа амаа тагладаг байв.

[10] Язгууртнуудын дуу алга болж, хэл нь тагнаанд нь наалддаг байв.

[11] Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж, нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.

[12] Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.

[13] Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж, би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.

[14] Би шударга зөвийг өмсөж, тэр намайг хувцаслав. Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.

[15] Би сохорт нүд нь, доголонд хөл нь болж байв.

[16] Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөд мэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.

[17] Би хорон муу хүний эрүүг хугалж, амнаас нь олзыг нь булааж авдаг байв.

[18] Тэгээд би "Үүрэндээ би үхнэ. Өдрүүдийг би элс адил олшруулна.

[19] Үндэс минь ус уруу тархаж, мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.

[20] Алдар минь надтай хамт, миний нум гарт минь шинэчлэгддэг" гэж бодов.

[21] Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж, зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.

[22] Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөд миний яриа тэдэнд тааламжтай байсан.

[23] Тэд намайг хур бороо мэт хүлээж, хаврын бороо мэт амаа ангайлгадаг байв.

[24] Тэд итгээгүй байхад би тэдэн уруу инээмсэглэж, миний нүүрний гэрлийг тэд унтрааж байгаагүй юм.

[25] Би тэдэнд замыг сонгож, тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.

Иов — Chapters