Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:30

[1] Тэгээд ЭЗЭН Иовд айлдахдаа —

[2] Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү? Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.

[3] Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан, —

[4] Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ? Би гараа аман дээрээ тавья.

[5] Би нэг удаа ярьсан, би хариулахгүй. Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.

[6] Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан, —

[7] Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл. Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.

[8] Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?

[9] Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?

[10] Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж, хүндлэл, яруу алдраар хувцасла.

[11] Өөрийн уурыг оволзуулан асгаж, бардам хүн бүрийг хараад, түүнийг дорд болгооч.

[12] Бардам хүн бүрийг хараад, түүнийг номхруулж, хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.

[13] Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач. Нууц газарт тэднийг хүлээч.

[14] Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийг Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.

[15] Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна. Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог.

[16] Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь, түүний чадал хэвлий дэх булчинд нь бий.

[17] Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг. Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.

[18] Түүний яснууд хүрэл хоолой юм. Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.

[19] Тэр бол Бурханы замуудын анхдагч билээ. Бүтээгч нь илдээ авчраг.

[20] Уулс түүнд хоолыг нь залгуулдаг бөгөөд хээрийн бүх араатан амьтад тэнд нааддаг.

[21] Тэрээр лянхуа цэцгийн доор, зэгс болон хулсан нуувчид хэвтдэг бөлгөө.

[22] Лянхуа цэцэг түүнийг сүүдрээр халхалдаг. Горхины уд модод түүнийг хүрээлдэг.

[23] Гол үерлэвэл тэрээр сандардаггүй. Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.

[24] Харж байхад нь түүнийг хэн нэгэн барьж чадах уу? Хамрыг нь хэн нэгэн дөрлөж чадах уу?

Иов — Chapters