[1] Янгир төрөх цагийг чи мэддэг үү? Буга тугалахыг чи үзсэн үү?
[2] Тэдний хээлээ тээх цагийг чи тоолж чадах уу? Эсвэл тэдний төрөх цаг хугацааг чи мэдэх үү?
[3] Тэд доош өвдөглөн байж, зулзагануудаа гаргаж, төрөлтийнхөө өвчнөөс салдаг билээ.
[4] Үр төл нь хүчирхэгжиж, хээр талд өсөж торнидог. Тэд буцаж ирэлгүйгээр оддог билээ.
[5] Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ? Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?
[6] Түүнд Би хээр талыг гэр нь болгож, хужиртай газрыг түүний орших нутаг нь болгосон билээ.
[7] Хотын шуугианыг тэр жигшин инээж, үргээгчдийн орилоон дууг тэр сонсдоггүй билээ.
[8] Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж, ногоон ургамал бүрийг эрдэг.
[9] Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж, эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
[10] Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж, эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
[11] Хүч нь агуу учир чи түүнд найдаж, өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?
[12] Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирж, үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?
[13] Тэмээн хяруул далавчаа түргэн дэвдэг, гэвч өрөвтасын жигүүртэй зүйрлэхийн аргагүй.
[14] Тэрээр өндгөө газарт үлдээж, шороон дотор тэднийг дулаацуулж,
[15] тэдгээрийг нь хөл няцалж, эсвэл зэрлэг амьтад тэднийг дэвсчиж магадгүй гэдгийг тэр мартдаг юм.
[16] Тэрээр үр төлдөө өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг. Түүний хөдөлмөр утгагүй хоосон болдог хэдий ч тэр ердөө зовдоггүй.
[17] Учир нь Бурхан түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээж, түүнд ойлголтыг өгөөгүй билээ.
[18] Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болон түүний морьтонг жигшиж инээдэг.
[19] Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү? Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?
[20] Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу? Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.
[21] Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж, хүч чадалдаа эрддэг. Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.
[22] Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөд зүрх алддаггүй. Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.
[23] Сум саадаг өөдөөс нь шажигнаж, жад ба хануур жад гялалзана.
[24] Чичирч, догшрон тэрээр газар дээгүүр давхиж, бүрээн дуунд зогсохгүй агсамнадаг.
[25] Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн, "Аха" гэдэг бөгөөд тулааныг, жанжнуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.
[26] Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?
[27] Бүргэд өндөрт халин нисэж, үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?
[28] Тэрээр хавцалд, чулуун цохио буюу хүрч болохооргүй газар амьдарч, амардаг билээ.
[29] Тэндээсээ тэр олзоо хайдаг. Түүний нүд алс холоос хардаг бөлгөө.
[30] Түүний дэгдээхийнүүд ч цус хөхдөг. Үхдлүүд хаана байна, тэнд тэр байдаг ажгуу гэж айлдав.