Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:42

[1] Одоо дуудаач, чамд хариулах хэн нэгэн хүн байгаа юм уу? Ариун хүмүүсийн аль уруу нь чи эргэх юм бэ?

[2] Уур хорсол нь мунхаг хүнийг алж, атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.

[3] Үндэслэж буй мунхгийг би харсан бөгөөд түүний орон гэрийг би шууд хараасан билээ.

[4] Түүний хөвгүүд аюулгүй байдлаас хол бөгөөд тэд дааман хаалган дотор бяцлагдавч, аврагч байхгүй аж.

[5] Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.

[6] Золгүй явдал шорооноос гардаггүй, гай зовлон ч газраас ургадаггүй.

[7] Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.

[8] Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.

[9] Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.

[10] Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч, талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд

[11] ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж, гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.

[12] Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөд ингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.

[13] Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөд зальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.

[14] Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.

[15] Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд ядуусыг хүчтэний савраас авардаг.

[16] Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөд шударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.

[17] Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ, тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.

[18] Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг. Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.

[19] Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч, долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.

[20] Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс, дайны үед илдний хүчнээс золино.

[21] Чи хэлний ташуураас халхлагдаж, ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.

[22] Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж, зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.

[23] Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж, хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.

[24] Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраас майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.

[25] Үр удмууд чинь өнөр өтгөн, үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг чи бас мэдэх болно.

[26] Цагт нь хураасан юүжилсэн тариа адил чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.

[27] Үүнийг үзэгтүн. Ийм учиртай болохыг бид шалгасан билээ. Үүнийг сонсож, өөртөө ухаарагтун гэв.

Иов — Chapters