Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:58

[1] Дараа нь наамат хүн Зофар хариулан, —

[2] Олон үг хариулагдалгүй урсаж, чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?

[3] Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу? Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?

[4] Учир нь чи "Миний сургаал бол цэвэр бөгөөд би та нарын нүдэнд гэмгүй билээ" гэж хэлсэн юм.

[5] Харин Бурхан ярьж, чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,

[6] чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой! Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм. Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.

[7] Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу? Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?

[8] Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ?

[9] Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт, далайгаас ч өргөн юм.

[10] Хэрэв Тэрээр өнгөрөн явж, хорьж, эсвэл чуулганыг дуудвал хэн Түүнийг хориглож чадах юм бэ?

[11] Тэрээр хуурамч хүмүүсийг таньж, гэм бурууг хардаг бөгөөд түүнд санаа тавихгүй гэж үү?

[12] Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд хүн илжигний дудран мэт төрдөг юм.

[13] Хэрэв чи зүрхээ зөв удирдаж, гараа Түүн уруу сунгаж,

[14] чиний гарт гэм буруу байвал тэдгээрийг хол зайлуулж, майхнууддаа хорон мууг оршин байлгахгүй бол,

[15] чи өө сэвгүйгээр царайгаа өргөн явж үнэхээр чадахсан бөгөөд чи бат бөх болж, айхгүй байх байсан.

[16] Чи зовлонг мартах байсан бөгөөд урсан одох ус мэт түүнийг санах байсан.

[17] Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй байхсан. Харанхуй ч өглөө мэт байхсан.

[18] Тэгэхэд, найдвар бий учраас чи итгэх байсан. Чи эргэн тойрноо харж, аюулгүйгээр амрахсан.

[19] Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөд олон хүн чиний тааллыг гуйх байсан.

[20] Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.

Иов — Chapters