[1] Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.
[2] Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөд миний нүд тэдний доромжлолыг ширтэнэ.
[3] Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач. Миний батлан даагч болох хэн байна вэ?
[4] Та тэдний зүрх сэтгэлийг ухаарлаас нуусан учраас Та тэднийг өргөхгүй.
[5] Олз ашгийн төлөө анд нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн үр хүүхдүүдийн нүд ч мөн сулрах болно.
[6] Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөд хүмүүст хараал болсон нэгэн бол би юм.
[7] Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж, бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.
[8] Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж, гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.
[9] Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
[10] Харин та бүгд одоо дахин ирээрэй. Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.
[11] Миний хоногууд өнгөрөн одож, миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.
[12] Тэд харанхуй орчинд "Гэрэл ойрхон байна" хэмээн шөнийг өдөр болгодог аж.
[13] Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал, би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
[14] Хэрэв би нүхэнд хандан "Чи миний эцэг" гэж, өт хорхойд хандан "Миний эх болон миний эгч" гэж хэлдэг бол
[15] миний найдвар одоо хаана байна вэ? Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
[16] Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу? Бид хамтдаа шороонд орно гэж үү? гэв.