[1] Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ? Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүс Түүний өдрүүдийг хардаггүй вэ?
[2] Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж, тэд мал сүргийг булаан авч, залгидаг.
[3] Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг. Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.
[4] Тэд доройг замаас гадагш түлхдэг. Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.
[5] Үзэгтүн, цөл дэх хулангуудын адил тэд хоол хүнс буюу цөлд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
[6] Тэд талбайгаас хог хаягдлаа түүж, хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
[7] Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
[8] Тэд уулын бороонд нордог бөгөөд нөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.
[9] Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
[10] Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж, өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
[11] Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг. Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.
[12] Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна. Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.
[13] Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
[14] Алуурчин үүрээр босдог. Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөд шөнө нь хулгайч шиг байдаг.
[15] Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн, "Намайг нэг ч нүд харахгүй" хэмээн нүүрээ тагладаг.
[16] Харанхуйд тэд байшингуудыг ухаж, өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг. Тэд гэрлийг мэддэггүй юм.
[17] Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг. Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.
[18] Тэд усны мандал дээр хөнгөн. Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг. Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.
[19] Ган болон халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэт нүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
[20] Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтол өт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
[21] Тэрээр хүүсэр эмэгтэйг буруушааж, бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ.
[22] Харин Тэрээр хүчтэнийг Өөрийн хүчээр чирдэг. Тэр босдог боловч хэнд ч амь насны баталгаа байдаггүй.
[23] Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөд тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
[24] Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд, дараа нь тэд алга болдог. Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөд бусдын хамт авагдаж өөрсдийн хадаж байсан тариан түрүү мэт хатдаг.
[25] Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваас хэн намайг худалч гэж нотлон, хэн миний үгсийг хоосон болгох вэ? гэв.