[1] Тэгэхэд Иов хариулж, —
[2] Иймэрхүү олон юмсыг би сонссон билээ. Та нар бүгд хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.
[3] Хоосон үгсэнд хязгаар байгаа юу? Эсвэл юу түлхэхээрээ та нар хариулдаг вэ?
[4] Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан. Би та нарын эсрэг үгс холбож, та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.
[5] Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр л та нарыг жижигрүүлж чадах байсан.
[6] Би ярьдаг бол, өвчин минь багасаагүй, ярихаа больдог ч намайг юу орхих юм бэ?
[7] Харин одоо Тэрээр намайг сульдаалаа. Та миний бүх нөхөрлөлийг хоосон болголоо.
[8] Та намайг хатаан хорчийлгосон бөгөөд тэр чинь гэрч болжээ. Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд тэрээр нүүрэн дээр минь гэрчилнэ.
[9] Түүний уур намайг тастчин, ангуучилсан бөгөөд Тэрээр над уруу Өөрийн шүдээ хавирав. Өстнүүд минь намайг цоо ширтдэг.
[10] Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж, зэвүүцлээр хацар дээр минь занчиж, миний эсрэг нэгдсэн билээ.
[11] Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт өгч, хорон муу хүмүүсийн гарт тушаадаг.
[12] Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж, хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ. Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
[13] Түүний сумнууд намайг хүрээлдэг. Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваадаг. Тэрээр цөсийг минь газарт асгадаг.
[14] Тэрээр намайг ахин дахин сэглэдэг. Тэрээр дайчин мэт над уруу довтолдог.
[15] Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.
[16] Уйлснаас болж нүүр минь улайж, зовхи минь гүн харлав.
[17] Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ.
[18] Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.
[19] Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна.
[20] Найзууд минь намайг тохуурхагчид юм. Миний нүд Бурханд хандан уйлдаг.
[21] Хүн хөрштэйгөө маргадаг адил, Бурхантай маргалдаж болдог ч болоосой!
[22] Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.