Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:57

[1] Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан, —

[2] Мэдлэггүй үгсээр зөвлөгөөг гуйвуулагч тэр нь хэн юм бэ?

[3] Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл. Учир нь Би чамаас асуух бөгөөд чи Надад заавар өг.

[4] Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа? Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,

[5] түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ? Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ?

[6] Юун дээр түүний сууриуд тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?

[7] Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.

[8] Эсвэл хэвлийгээс оргилон гарахад нь хэн далайг хаалгаар хязгаарласан бэ?

[9] Тэгэхэд Би үүлийг түүний хувцас, түнэр харанхуйг түүний өлгий болгож,

[10] мөн түүнд хил тогтоож, хаалга түгжээг тавьж,

[11] "Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй. Энд чиний бардам давалгаанууд зогсох болно" гэж Би айлдсан билээ.

[12] Чи амьдралдаа өглөөд тушааж, үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?

[13] Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.

[14] Энэ нь лацны шавар шиг өөрчлөгдсөн. Тэд хувцас мэт болцгоодог.

[15] Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөд өргөгдсөн гар хугарав.

[16] Чи далайн ундарга уруу нэвтэрч, гүний хөндийнүүдэд алхсан уу?

[17] Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж, эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?

[18] Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.

[19] Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?

[20] Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу? Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?

[21] Тэгэхэд чи төрсөн учраас чи мэдэх бөгөөд өдрүүдийн чинь тоо тоолшгүй их билээ!

[22] Чи цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?

[23] Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө, дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.

[24] Гэрэл хуваагдах хийгээд дорны салхи газар дэлхий дээр тархсан байх арга зам юу вэ?

[25] Үерийн сувгийг, эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?

[26] Энэ нь хүмүүсгүй газарт, нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд

[27] эзгүй хоосон газрыг хангаж, өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.

[28] Бороонд эцэг бий юү? Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?

[29] Хэний хэвлийнээс мөс гарсан бэ? Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?

[30] Ус чулуу шиг хатуу болж, гүний гадаргуу ч хоригдсон байдаг.

[31] Чи Мичид зургааг холбож, Марал гурвыг салгаж чадах уу?

[32] Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж, Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?

[33] Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж, тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?

[34] Асар их усаар бүрхүүлэхийн тулд үүлс уруу хандан чи дуугаа өндөрсгөж чадах уу?

[35] "Бид энд байна" хэмээн чамд илтгээд явахаар чи аянга гялбааг урагш илгээж чадах уу?

[36] Дотоод зүрхэнд хэн мэргэн ухааныг оруулж, оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?

[37] Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ? Эсвэл тэнгэрийн усны савнуудыг

[38] тоос нягтран цул болж, шавар хоорондоо зууралдахад тогтоож чадах вэ?

[39] Чи арслангийн төлөө ан агнаж, эсвэл залуу арслангуудын хоол идэх дурыг хангаж чадах уу?

[40] Тэд нүхнүүдэд хоргодон, үүрэнд хэвтэн хүлээдэг.

[41] Хэрээний дэгдээхийнүүд Бурханд хашхиран хоолгүй тэнүүчилж байхад хэн хэрээнд хоолыг нь залгуулж өгдөг вэ?

Иов — Chapters