[1] Дараа нь теман хүн Елифаз хариулан —
[2] Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж, өөрийгөө дорны салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
[3] Тэрээр хэрэггүй яриа, эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?
[4] Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж, Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.
[5] Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд чи зальтны хэлийг сонгодог.
[6] Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг. Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.
[7] Чи анхны хүн болон төрж, эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?
[8] Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөд мэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?
[9] Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ? Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?
[10] Чиний эцгээс ч ахмад, буурал толгойтон болон өтөл настнуудын аль аль нь бидний дунд байна.
[11] Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэл чамд чамлагдаж байгаа юм уу?
[12] Яагаад сэтгэл чинь чамайг авч явна вэ? Юунд нүд чинь гялалзан,
[13] ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж, амнаасаа үгсийг гаргана вэ?
[14] Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
[15] Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
[16] Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
[17] Би чамд хэлье, намайг сонс. Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.
[18] Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.
[19] Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.
[20] Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөд харгис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.
[21] Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
[22] Тэрээр харанхуйгаас эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөд тэрээр илдэнд заяагдсан ажээ.
[23] Тэрээр хоол хайн тэнүүчилж, "Хаана байна вэ?" хэмээдэг. Харанхуйн өдөр маш ойр байгааг тэр мэддэг билээ.
[24] Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөд довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.
[25] Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж, Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.
[26] Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаар Түүн уруу гөжүүдээр дайрдаг аж.
[27] Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж, гуяа цулцгар махаар бүрсэн.
[28] Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.
[29] Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш. Үр тариа нь газарт унахгүй.
[30] Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
[31] Тэрээр өөрийгөө хуурч, хоосонд бүү итгэг. Хоосон нь түүний шагнал болно.
[32] Түүний цагаас өмнө энэ нь биелэгдэж, далдуу модны мөчир ч ногоорохгүй.
[33] Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж, өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.
[34] Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөд завхрагчдын майхнуудыг гал шатаадаг юм.
[35] Тэд худал хуурмагийг үрсэлж, гэм бурууг төрүүлдэг бөгөөд тэдний оюун бодол заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.