Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:24

[1] Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлуулдаг бөгөөд түүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү?

[2] Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,

[3] үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөд зовлонт шөнүүд надад тогтоогджээ.

[4] Хэвтэхдээ би "Хэзээ би босох бол доо?" хэмээн бодовч шөнө үргэлжилсээр байх бөгөөд үүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө.

[5] Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан, арьс минь эвэршин хагардаг.

[6] Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.

[7] Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.

[8] Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй. Таны нүд над дээр байх боловч би байхгүй.

[9] Үүл замхран оддог. Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.

[10] Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд түүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.

[11] Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналал дотор би ярьж, сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.

[12] Би Танаар мануулж байхаар тэнгис, эсвэл тэнгисийн мангас юм уу?

[13] Хэрэв би "Ор минь намайг тайвшруулна, хэвтэр минь миний гомдлолыг тайлах болно" гэсэн ч

[14] Та зүүдүүдээр намайг айлгаж, үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.

[15] Ингэснээр сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон.

[16] Би өнгөрөн одож байна. Би мөнх амьдрахгүй. Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.

[17] Та түүнийг эрхэмлэж, түүний талаар санаа тавих болохоор хүн гэгч нь юу юм бэ?

[18] Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж, агшин бүрд түүнийг сорино вэ?

[19] Та надаас Өөрийн харцаа хэзээ ч холдуулахгүй, эсвэл шүлсээ залгих хүртэл минь намайг ганцааранг минь орхихгүй юм гэж үү?

[20] Би нүгэл үйлдсэн үү? Хүмүүсийн харгалзагч аа, Танд би юу хийсэн юм бэ? Би өөрөө өөртөө дарамт болтол юунд Та намайг Өөрийн бай болгосон бэ?

[21] Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.

Иов — Chapters