Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:20

[1] Тэгээд Елиху үргэлжлүүлэн, —

[2] Мэргэн эрчүүд та нар, миний үгсийг сонс. Мэддэг хэмээгч та нар, намайг чагна.

[3] Учир нь тагнай хоолыг амталдгийн адил чих үгсийг нягталдаг юм.

[4] Юу нь зөв болохыг өөрсөддөө сонгоцгооё. Юу нь сайн болохыг өөрсдийнхөө дотор мэдэцгээе.

[5] Учир нь Иов хэлэхдээ "Би бол зөвт, харин Бурхан миний зөвийг зайлуулсан.

[6] Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би нүгэлгүй боловч шарх минь эдгэшгүй" гэсэн.

[7] Ямар хүн Иов шиг вэ? Тэрээр даапаалсан яриаг ус адил уудаг,

[8] гэм буруу үйлдэгчидтэй хамт явж, хорон муу хүмүүстэй алхдаг.

[9] Учир нь тэрээр "Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй" гэсэн.

[10] Тийм учраас, ухаантай хүмүүс та нар, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.

[11] Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж, өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.

[12] Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөд Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй.

[13] Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ? Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?

[14] Хэрэв Тэрээр Өөр уруугаа Өөрийн сүнс, Өөрийн амьсгалыг цуглуулсан бөгөөд хэрэв ийн үйлдэхээр шийдсэн бол,

[15] бүх бие махбод хамтдаа үхэж, хүн шороонд буцах байсан.

[16] Харин ухаан байвал үүнийг сонс. Миний үгсийг сонс.

[17] Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү? Зөв шударга, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?

[18] Тэрээр хааныг "Өөдгүй нэгэн ээ", ноёдыг "Хорон муучууд аа" гэдэг.

[19] Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.

[20] Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.

[21] Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.

[22] Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.

[23] Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаар Тэр хүнийг цаашид гуйдаггүй юм.

[24] Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж, тэдний оронд бусдыг тавьдаг.

[25] Тэрээр тэдний ажлыг мэдэж, шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.

[26] Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь

[27] тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.

[28] Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.

[29] Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?

[30] Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй, ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.

[31] Хэн нэгэн нь Бурханд "Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.

[32] Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч. Хэрэв би гэм бурууг үйлдсэн бол би түүнийг дахин үйлдэхгүй" гэж хэлдэг үү?

[33] Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу? Учир нь би биш, чи сонгох ёстой. Тиймээс юу мэддэгээ тунхагла.

[34] Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад

[35] "Иов мэдлэггүйгээр ярьж байгаа бөгөөд түүний үгс утгагүй.

[36] Иов хорон муу хүний адил хариулдаг тул тэрээр цаад хэмжээг хүртэл соригдох нь.

[37] Учир нь нүгэл дээрээ тэрээр тэрслэлийг нэмдэг. Тэрээр бидний дунд алгаа ташин, Бурханы эсрэг өөрийн үгсээ нэмэгдүүлсээр байна" гэж хэлэх болно гэв.

Иов — Chapters