[1] Гэтэл одоо надаас залуу тэдгээр нь намайг элэглэн дооглодог. Тэдний эцгүүдийг би хонь хариулдаг ноходтой ч адил үздэггүй байлаа.
[2] Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ? Тэд хүч тэнхээгээ алдсан юм.
[3] Тэд үгүйрэл, өлсгөлөнгөөр амьгүй байдаг. Тэд урьд нь эзгүйрэн хоосорсон хуурай газрыг хэмхэлдэг.
[4] Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөд арц модны үндэс тэдний хоол болдог.
[5] Тэд олон түмнээс хөөгдсөн. Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.
[6] Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд, газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.
[7] Бутнуудын дунд тэд хашхиран орилдог. Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
[8] Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
[9] Одоо би тэдний элэглэл, тэдний зүйрлэл ч болсон юм.
[10] Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж, нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.
[11] Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж, намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.
[12] Баруун талд тэдний үрс дайрдаг. Тэд хөлийг минь түлхэж, миний эсрэг сүйрлийн замуудаа босгодог.
[13] Тэд миний замыг эвдэж, миний сүйрлээс ашиг олдог. Хэн ч тэднийг хориглодоггүй ажээ.
[14] Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж, шуурган дундаас тэд бөөнөөрөө давшиж байна.
[15] Аймшгууд над уруу эргэжээ. Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.
[16] Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ. Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.
[17] Шөнөөр энэ нь дотор минь миний ясыг цоо хатгаж, өвчнүүд минь амраахгүй байна.
[18] Асар их хүчээр хувцас минь мушгигдаж, хүрэмний минь зах шиг тэр намайг баглана.
[19] Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд би шороо үнс шиг болов.
[20] Би Тань уруу тусламж эрэн хашхирдаг боловч, Та надад хариулдаггүй. Би босдог боловч, Та Өөрийн анхаарлыг миний эсрэг хандуулдаг.
[21] Та надад харгис ханддаг болжээ. Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.
[22] Та намайг өргөн салхиар хийсгэж, шуурганд уруудуулдаг.
[23] Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
[24] Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу? Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?
[25] Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү? Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
[26] Би сайныг горилж байхад бузар муу ирлээ. Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
[27] Би дотоод сэтгэлдээ шатан, ангижирч чадахгүй байна. Зовлонгийн өдрүүд надад нүүрлэдэг.
[28] Би тайвшралгүйгээр гашуудсаар байна. Би чуулганы дунд зогсоод тусламж хүсэн хашхирна.
[29] Би цөөвөр чононуудын ах дүү, тэмээн хяруулын нөхөр боллоо.
[30] Арьс минь харлаж, яс минь халуу төөнөнө.
[31] Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.