Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:20

[1] Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.

[2] Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.

[3] Та бас түүн уруу мэлмийгээ нээж, түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.

[4] Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.

[5] Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт. Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөд тэрээр давж чаддаггүй аж.

[6] Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулд Та түүнээс харцаа эргүүлээч.

[7] Тэрээр дахин соёолж, түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.

[8] Хэдийгээр түүний үндэснүүд газар дотор хөгширч, хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,

[9] чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, ургамал мэт нахиагаа дэлгэнэ.

[10] Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг. Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?

[11] Ус тэнгисээс гардаг бөгөөд гол мөрөн хатаж ширгэсэн шиг

[12] түүнчлэн хүн доошоо хэвтээд, босдоггүй. Тэнгэрүүд байхаа болих хүртэл тэрээр босохгүй, нойрноосоо ч сэрэхгүй.

[13] Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой!

[14] Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу? Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.

[15] Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно.

[16] Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөд Та нүглийг минь ажиглахгүй байна.

[17] Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөд Та миний гэм бурууг халхалдаг билээ.

[18] Гэвч нурж буй уул ч хүртэл эвдэрч, хад чулуу ч байрнаасаа хөдөлдөг.

[19] Чулуунуудыг ус элээж, урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.

[20] Та түүнийг үүрд ноёлдог бөгөөд тэрээр ч оддог билээ. Дүр төрхийг нь өөрчилж, түүнийг холдуулдаг билээ.

[21] Түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч тэрээр мэддэггүй, эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэрээр үүнийг хайхардаггүй.

[22] Гэвч бие нь түүнийг шаналгадаг бөгөөд тэрээр зөвхөн өөрийнхөө л төлөө гашууддаг билээ гэв.

Иов — Chapters