Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:15

[1] Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж, —

[2] Эрхийг минь хассан Бурхан болоод сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.

[3] Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хугацаанд

[4] уруул минь үнэхээр шударга бусаар ярьж, хэл минь ч хуурмагийг бувтнахгүй.

[5] Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.

[6] Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм. Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.

[7] Миний дайснууд хорон муу хүмүүс мэт, миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.

[8] Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?

[9] Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?

[10] Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу? Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?

[11] Бурханы хүчээр би чамд зааварлана. Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.

[12] Үзэгтүн, та бүгд харлаа. Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?

[13] Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөд харгис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.

[14] Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ. Түүний үр удмууд талхаар цадахгүй.

[15] Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан, бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.

[16] Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж, хувцас хунарыг ч шавар мэт нөөцөлдөг ч,

[17] тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж, гэмгүй хүн мөнгийг хуваана.

[18] Тэр өөрийн байшингаа аалзны тор мэт, эсвэл харуулын хийсэн овоохой шиг барьж босгосон билээ.

[19] Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй. Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.

[20] Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.

[21] Дорны салхи түүнийг авч оддог бөгөөд тэрээр алга болсон. Учир нь тэр түүнийг байрнаас нь эргэлдүүлэн авч явдаг.

[22] Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг. Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.

[23] Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.

Иов — Chapters