Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:05

[1] Тэгэхэд Иов хариулан —

[2] Хэлэх үгийг минь анхааралтай сонсож, энэ нь та нарын тайвшрал болог.

[3] Тэвчин байж намайг яриулцгаа. Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.

[4] Миний хувьд гэвэл, би хүнд гомдсон гэж үү? Яагаад би тэвчээргүй байж болохгүй юм бэ?

[5] Над уруу харж, гайхан алмайрцгаан, гараа аман дээрээ тавь.

[6] Би санахдаа ч хүртэл түгшсэн бөгөөд айдас хүйдэс бие махбодыг минь эзэмддэг.

[7] Яагаад хорон муу хүмүүс амьдарч, цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?

[8] Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт, мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.

[9] Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөд Бурханы саваа ч тэдний дээр алга.

[10] Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж, үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.

[11] Тэд бяцхан нэгнүүдээ сүрэг мал мэт гаргаж, тэдний төлүүд нь ч үсчин цовхчдог.

[12] Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярладаг.

[13] Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд, мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.

[14] Тэд Бурханд "Биднээс холд! Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.

[15] Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?" гэцгээдэг.

[16] Харагтун, тэдний хөгжил цэцэглэл тэдний гарт байдаггүй аж. Нүгэлтний зөвлөгөө надаас хол билээ.

[17] Хорон муу хүний дэнлүү хир их унтарч, эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу? Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?

[18] Тэд салхины өмнө сүрэл мэт, эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?

[19] "Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг" Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.

[20] Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.

[21] Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюу өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?

[22] Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад хэн нэгэн Түүнд билэг ухааныг зааж чадах уу?

[23] Хэн нэгэн нь бүхлээрээ тайван, хангалуун байхдаа бүрэн хүч тэнхээтэйгээр нас эцэслэдэг.

[24] Түүний дотор өөх бялхсан бөгөөд түүний ясны чөмөг бөх бат хэвээр байдаг.

[25] Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.

[26] Тэд хамтдаа шороон дотор хэвтдэг бөгөөд хорхойнуудад хучигддаг.

[27] Харагтун, санаа бодлуудыг чинь болон намайг буруутгах байсан төлөвлөгөөнүүдийг чинь би мэднэ.

[28] Та нар "Сурвалжит хүний гэр орон, мөн хорон муу хүний оршихуй болох майхан хаана байна вэ?" гэдэг.

[29] Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу? Та нар тэдний гэрчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй юу?

[30] Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.

[31] Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж, хэн үйлдсэн зүйлийнх нь төлөө түүнд хариулах вэ?

[32] Түүнийг булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно.

[33] Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүнээс гадна түүний урд тоолшгүй их хүн байхад араас нь бүх хүмүүс дагах болно.

[34] Тэгвэл та нар намайг хэрхэн хоосноор тайтгаруулах вэ? Учир нь та нарын хариулт хуурмаг хэвээр байдаг гэв.

Иов — Chapters