[1] Дараа нь шух хүн Билдад хариулан —
[2] Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж, амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
[3] Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
[4] Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн бол Тэрээр тэднийг өөрсдийнх нь нүглийн хүчинд тушаасан хэрэг юм.
[5] Хэрэв чи Бурханыг хайж, Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
[6] мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол, Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож, чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
[7] Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.
[8] Өнгөрсөн үеийнхний талаар асууж, тэдний эцэг өвгөдийн эрэлхийлж байсан зүйлсийг эргэцүүлэн бод.
[9] Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.
[10] Тэд чамд сурган хэлж, өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?
[11] Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу? Усгүйгээр зэгс ургаж чадах уу?
[12] Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа ч алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
[13] Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
[14] Тэдний найдвар хэврэг бөгөөд итгэл нь аалзны шүлсэн тор юм.
[15] Тэрээр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй. Тэрээр түүнээс зуурдаг боловч тэр нь даадаггүй.
[16] Тэрээр наранд өтгөрөн ургаж, мөчрүүд нь цэцэрлэгээр нь тархдаг.
[17] Түүний үндэснүүд чулуун овоог ороож, тэрээр чулуун гэрээс зууралдана.
[18] Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл, дараа нь тэр газар нь түүнийг үгүйсгэж "Би чамайг огт хараагүй" гэнэ.
[19] Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой. Шорооноос өөр хүмүүс соёолох болно.
[20] Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй, бузар мууг үйлдэгчдийг ч Тэрээр дэмжихгүй юм.
[21] Тэрээр чиний амыг инээдээр, чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
[22] Чамайг үзэн ядагчид ичгүүрээр хувцаслах бөгөөд хорон муу хүний майхан байхгүй гэв.