Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:58

[1] Ямар ч байсан, Иов оо, одоо миний яриаг сонсож, бүх үгсийг минь чагнаач.

[2] Одоо харагтун, би амаа нээж, миний аман доторх хэл ярьдаг.

[3] Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөд уруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.

[4] Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.

[5] Чаддаг юм бол намайг няцаа. Миний өмнө өөрийгөө жагсааж, байраа эзлэгтүн.

[6] Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраас бүтээгдсэн билээ.

[7] Үзэгтүн, надаас айх хэрэггүй, миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй.

[8] Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөд үгсийг би сонссон билээ.

[9] "Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.

[10] Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж, намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.

[11] Тэрээр хөлийг минь дөнгөлж, алхах бүрийг минь харуулддаг".

[12] Үзэгтүн, би чамд хэлье, үүнд чи буруутаж байна. Учир нь Бурхан хүнээс агуу билээ.

[13] Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?

[14] Үнэндээ Бурхан нэг, эсвэл хоёр удаа хэлдэг бөгөөд хэн ч үүнийг ойшоодоггүй юм.

[15] Гүн нойр хүмүүсийг хучин, хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэд зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,

[16] тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж, тэдний заавруудыг битүүмжилдэг нь

[17] Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж, бардамналаас барихын тулд билээ.

[18] Тэр хүн өөрийн сэтгэлээ нүхнээс, өөрийн амиа Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.

[19] Хүн бас орон дотроо өвчин шаналлаар, ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.

[20] Ингэснээр түүний амь талхыг, түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.

[21] Түүний мах нүдэн дээрээс алга болж, харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг.

[22] Тэгээд түүний сэтгэл нүхэнд, түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.

[23] Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,

[24] тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, "Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов" хэмээг.

[25] Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.

[26] Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.

[27] Тэрээр хүмүүст дуулж "Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй.

[28] Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ" гэх болно.

[29] Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь

[30] түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.

[31] Анхаарлаа хандуул, Иов оо! Намайг сонс. Дуугүй байж, намайг яриул.

[32] Чамд хэлэх зүйл байвал надад хариул. Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учраас ярь.

[33] Хэрэв үгүй бол намайг сонс. Дуугүй бай, би чамд мэргэн ухааныг сургая гэв.

Иов — Chapters