[1] Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.
[2] Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
[3] Тэрээр харанхуйг эцэслэж, харанхуй ба үхлийн сүүдэр дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг.
[4] Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд тэр нь хүний хөлд мартагдсан байдаг. Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.
[5] Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд түүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.
[6] Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөд шороо нь алт бөлгөө.
[7] Жимийг нь махчин шувууд мэддэггүй, элээний нүд ч түүнийг хараагүй юм.
[8] Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй, арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.
[9] Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг. Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.
[10] Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөд түүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.
[11] Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж, нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.
[12] Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарлын газар хаана байна вэ?
[13] Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
[14] Гүн гүнзгий нь "Энэ нь миний дотор байхгүй", мөн далай ч "Энэ нь надад байхгүй" гэж хэлдэг.
[15] Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд үнэд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
[16] Тэр нь Офирын алтаар, үнэт оникс, эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.
[17] Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.
[18] Шүр болон болрыг дурьдах ч хэрэггүй. Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч өндөр болой.
[19] Етиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд тэр нь шижир алтаар ч үнэлэгдэж чаддаггүй юм.
[20] Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ? Ухаарлын газар хаана байна вэ?
[21] Тэрээр ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
[22] Сүйрэл болон Үхэл "Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон" гэцгээдэг.
[23] Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд түүний газрыг ч мэддэг.
[24] Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж, тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
[25] Салхины хүнд, усны хэмжээ,
[26] бороонд хязгаарыг, аянга цахилгаанд хэмийг тогтооход
[27] Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэрээр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ.
[28] Тэрээр хүнд хандан "Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм" хэмээн айлдав гэв.