[1] Дараа нь Елиху үргэлжлүүлэн, —
[2] Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу? Чи "Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм" гэж хэлэх үү?
[3] Учир нь чи "Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ? Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?" гэдэг.
[4] Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.
[5] Тэнгэр уруу хараад, үзэгтүн. Үүлсийг харагтун, тэд та нараас ч дээр оршдог.
[6] Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ? Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?
[7] Чи шударга зөв бол Түүнд юу өгч, эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?
[8] Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.
[9] Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг. Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг.
[10] Гэвч хэн ч "Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
[11] Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөд биднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог" гэж хэлдэггүй юм.
[12] Тэд тэнд орилдог боловч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.
[13] Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй, Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.
[14] Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй. Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөд чи Түүнийг хүлээх ёстой!
[15] Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,
[16] тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг. Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.