[1] Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, дэлсдэг.
[2] Түүний дуу хоолойн аянгыг болон Түүний амнаас гарах нижигнээнийг сайтар сонс.
[3] Бүхэл тэнгэрийн доор Тэрээр аянга гялбаагаа газар дэлхийн мухрууд уруу суллан тавьдаг.
[4] Араас нь дуу нижигнэдэг. Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж, дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.
[5] Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн Өөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.
[6] Тэрээр цасанд "Газарт уна", намуун шиврээ болон аадар бороонд "Хүчтэй бай" гэж хэлдэг.
[7] Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Өөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.
[8] Тэгэхэд араатан амьтад ичээндээ орж, нүхэндээ хоргоддог бөлгөө.
[9] Өмнөдөөс хуйлрах салхи, умард зүгээс хүйтэн ирдэг.
[10] Бурханы амьсгалаар мөс бий болж, усны мандал хөлддөг билээ.
[11] Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг. Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
[12] Түүний заавраар эргэж, үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээр Түүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.
[13] Шийтгэхийн тулд ч, Өөрийн ертөнцдөө зориулан, эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.
[14] Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
[15] Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж, Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?
[16] Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон мэдлэгээр төгс нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
[17] Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхад та нарын хувцас дулаан байдаг.
[18] Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
[19] Бид Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч. Харанхуйгаас болж бид бэлтгэн цэгцэлж чадахгүй байна.
[20] Би ярих байсан гэж Түүнд мэдэгдэх үү? Эсвэл өөрийгөө залгигдах байсан гэж хүн хэлэх үү?
[21] Тэнгэрт тодрох гэрлийг хүмүүс хардаггүй боловч, салхи өнгөрөхдөө үүлсийг сарниулдаг.
[22] Умардаас алтан сүр жавхлан ирж, Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.
[23] Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөд шударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.
[24] Иймээс хүмүүс Түүнээс эмээдэг. Тэрээр зүрхэндээ мэргэн хэмээгч хэнийг ч ойшоодоггүй гэв.