Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:27

[1] Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав.

[2] Иовхэлэхдээ —

[3] Миний төрсөн өдөр, "Хөвгүүн бүрэлдсэн" гэсэн шөнө сөнөг.

[4] Тэр өдөр харанхуй байг. Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн, тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.

[5] Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг. Үүл түүнийг бүрхэг. Өдрийн харанхуй түүнийг айлгаг.

[6] Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг. Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг. Тэр нь саруудын тоонд ч бүү орог.

[7] Үзэгтүн, тэр шөнө үргүй болог. Тэр шөнө баярын уухай бүү хадаг.

[8] Левиатаныг сэрээхээр бэлдсэн, өдрийг хараагч нар түүнийг хараагтун.

[9] Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг. Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж, үүрийн гэгээг ч бүү үзэг.

[10] Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй, миний нүднээс зовлонг минь нуудаггүй.

[11] Юунд би төрөхдөө үхсэнгүй, хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?

[12] Юунд өвдгүүд болон намайг хөхүүлэх гэж эхийн хөх намайг хүлээн авав аа?

[13] Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.

[14] Өөрсөддөө нурангийг дахин босгосон газар дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,

[15] эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн, алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.

[16] Зулбаад хаягдсан, нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.

[17] Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож, ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.

[18] Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна. Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.

[19] Их багагүй тэнд байцгаадаг бөгөөд боолчууд эзнээсээ чөлөөлөгддөг аж.

[20] Юунд зовон тарчлагсдад гэрэл, сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?

[21] Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөд нуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.

[22] Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.

[23] Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.

[24] Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөд миний нулимс ус мэт асгарч байна.

[25] Миний эмээдэг зүйл над дээр ирж, миний айдаг зүйл надад оноогддог.

[26] Би тайван биш, чимээгүй ч биш бөгөөд би амраагүй, харин үймээн самуун ирдэг билээ гэв.

Иов — Chapters