[1] Дараа нь шух хүн Билдад хариулж —
[2] Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ? Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
[3] Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг, тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?
[4] Уурандаа өөрийгөө тастдаг чи минь, чиний төлөө газар дэлхий хоосорч, хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?
[5] Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч, түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.
[6] Түүний майхан дахь гэрэл харанхуйлж, түүний дэнлүү түүний дээр унтардаг.
[7] Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.
[8] Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөд тэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.
[9] Занганд өсгийгөөрөө орж, хавханд тэрээр урхидуулдаг юм.
[10] Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд түүний урхи замд нь отох бөлгөө.
[11] Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
[12] Түүний хүч чадал барагдаж, гамшиг зовлон хажууд нь бэлэн байх аж.
[13] Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд үхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.
[14] Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдсан бөгөөд тэд түүнийг аймшгуудын хааны өмнө аваачдаг.
[15] Майханд нь түүний гэх юм нэг ч байхгүй. Түүний нутагт хүхэр тараагдсан билээ.
[16] Түүний үндэснүүд нь доор хатаж, түүний мөчир нь дээрээ огтлогддог.
[17] Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, түүний нэр хаана ч байхгүй болно.
[18] Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.
[19] Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.
[20] Түүний дараа байгсад түүний хувь заяанд гайхаж, өмнөх үеийнхэн нь аймшигт нөмрүүлсэн бөлгөө.
[21] Үнэхээр, хорон муу хүний амьдрах газрууд ийм бөгөөд Бурханыг мэддэггүй хүний газар энэ буюу гэв.