[1] Харагтун, миний нүд бүхнийг харж, миний чих сонсож, үүнийг ойлгосон юм.
[2] Та нарын мэддэгийг би ч бас мэднэ. Та нараас дутах юм надад үгүй.
[3] Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой. Бурхантай маргахыг би хүсдэг.
[4] Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг. Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.
[5] Та нар бүрмөсөн дуугүй байж, тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
[6] Миний эргэцүүллүүдийг сонсож, миний уруулын эсэргүүцлийг чагна.
[7] Та нар Бурханы төлөө шударга бусыг, Түүний төлөө хуурмагийг ярих уу?
[8] Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө тэмцэх үү?
[9] Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу? Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу?
[10] Хэрэв та нар нууцаар тал засдаг бол, Тэр та нарыг заавал залруулна.
[11] Түүний сүр хүч та нарыг айлгаж, Түүнээс айх явдал та нарт учрахгүй юу?
[12] Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
[13] Миний өмнө дуугүй бай, намайг яриул. Дараа нь надад тохиолдох нь тохиолдог.
[14] Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж, амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
[15] Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
[16] Энэ ч гэсэн миний аврал болно. Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.
[17] Миний үгсийг анхааралтай сонс. Хэлэх зүйл минь та нарын чихэнд байг.
[18] Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
[19] Хэн надтай тэмцэлдэх юм бэ? Тэгвэл би дуугүй байж, үхье.
[20] Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий, тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
[21] Өөрийн мутрыг надаас холдуулж, Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.
[22] Тэгээд дууд, би ч хариулна. Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.
[23] Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ? Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
[24] Та юунд Өөрийн нүүрийг нууж, намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
[25] Та хийсэж буй навчийг айлгах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
[26] Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж, залуу үеийн минь гэм бурууг надад өвлүүлдэг.
[27] Та хөлийг минь дөнгөнд хийж, бүх замыг минь ажигладаг. Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
[28] Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт, муудсан зүйл мэт ялзарч байна.