Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:52

[1] Тэгэхэд Иов хариулан —

[2] Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ?

[3] Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо. Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ.

[4] Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.

[5] Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол,

[6] Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.

[7] Харагтун, би "Хүчирхийлэл!" хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй. Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.

[8] Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.

[9] Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.

[10] Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.

[11] Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож, намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.

[12] Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, майхныг минь бүслэн буудалладаг.

[13] Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.

[14] Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд дотны нөхөд минь намайг мартав.

[15] Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог. Тэдний нүдэнд би харь хүн билээ.

[16] Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй. Би түүнийг амаараа гуйх болдог.

[17] Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж, өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.

[18] Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг. Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.

[19] Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөд миний хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.

[20] Миний яс нь арьс, махтайгаа наалдаж, би шүднийхээ буйлтай л үлдлээ.

[21] Бурханы мутар намайг цохьсон тул миний анд нөхөд та нар намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.

[22] Юунд та нар Бурханы адил намайг хавчиж, миний маханд цадахгүй байна вэ?

[23] Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой! Тэд номд буулгагддаг ч болоосой!

[24] Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!

[25] Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.

[26] Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой.

[27] Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. Миний зүрх дотор минь үүнийг л хүсэн хүлээж байна!

[28] Хэрэв та нар "Бид түүнийг яаж хавчих вэ?", мөн "Түүний эсрэг хэргийн ямар шалтгийг бид олж чадах вэ?" гэж хэлбэл,

[29] өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа. Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөд энэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.

Иов — Chapters