Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:53

[1] Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд айлдсан сургаал.

[2] Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү,

[3] Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно. Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно.

[4] Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн. Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.

[5] Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж, Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.

[6] Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь. Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.

[7] Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан, Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг.

[8] Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.

[9] Амаа нээж, зөв шударгаар шүүж, Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.

[10] Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.

[11] Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна.

[12] Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг.

[13] Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг.

[14] Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг.

[15] Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж, Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг.

[16] Тэр газрыг үзээд, худалдан авч, Орлогоороо усан үзмийн мод тариалдаг.

[17] Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөд Түүний гар улам хүчтэй болно.

[18] Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина. Дэнлүү нь шөнөжингөө асдаг.

[19] Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана.

[20] Ядуу хүнд гараа сунгадаг. Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.

[21] Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг. Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ.

[22] Тэр орондоо бүтээлэг урлаж, Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг.

[23] Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг.

[24] Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.

[25] Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөд Инээмсэглэлээр ирээдүйгээ угтана.

[26] Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг.

[27] Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ.

[28] Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө. Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтан

[29] "Олон эмэгтэйчүүд сайн үйл хийдэг ч чи тэднээс илүү билээ" хэмээнэ.

[30] Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.

[31] Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг. Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.

Сургаалт Үгс — Chapters