Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:57

[1] Сайн нэр нь агуу баялгаас ч дээр. Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.

[2] Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээс Хэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.

[3] Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.

[4] Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос Амь, алдар хүнд, эд баялаг юм.

[5] Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий. Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.

[6] Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.

[7] Баян хүн ядуу хүнийг захирдаг. Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.

[8] Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана. Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.

[9] Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно. Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.

[10] Басамжлагчийг холдуул. Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.

[11] Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэнд Хаан хүн хүртэл анд нөхөр болдог.

[12] ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг. Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.

[13] Лазан хүн "Гадаа арслан байна. Би гудамжинд гарвал алуулах байх" гэдэг.

[14] Садар эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.

[15] Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг. Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.

[16] Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.

[17] Чих тавин мэргэдийн үгсийг сонс. Миний мэдлэгт ухаанаа хандуул.

[18] Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж, энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.

[19] Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.

[20] Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?

[21] Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж, Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.

[22] Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд. Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!

[23] Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөд Тэднийг дээрэмдэгчдийн амийг авна.

[24] Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.

[25] Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.

[26] Бусдын өмнөөс гар барин амлаж, Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.

[27] Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм бол Унтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?

[28] Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.

[29] Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.

Сургаалт Үгс — Chapters