[1] Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
[2] Миний тушаалуудыг сахьж амьдар. Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун.
[3] Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.
[4] Билиг ухаанд "Та бол миний эгч мөн" гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотныхоо анд болгогтун.
[5] Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.
[6] Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал,
[7] Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.
[8] Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв.
[9] Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ.
[10] Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа.
[11] Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно.
[12] Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт, Булан бүрийн ард отох аж.
[13] Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд, Ичгүүргүй нүүрээрээ түүнд,
[14] "Надад эвийн тахил бий. Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.
[15] Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж, Би гарч ирээд, чамтай учирлаа.
[16] Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв.
[17] Би өөрийнхөө орондоо мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.
[18] Ирээч. Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье.
[19] Учир нь миний нөхөр гэртээ байхгүй. Тэр алс холын аянд мордсон.
[20] Нөхөр маань зоостой хүүдийг авч одов. Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ" гэв.
[21] Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.
[22] Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт, Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав.
[23] Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл, Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт, Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.
[24] Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
[25] Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг. Жим дээр нь бүү зогс.
[26] Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөд Түүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ.
[27] Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.