[1] Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба Хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ.
[2] Мунхаг хүн ухаанд баярладаггүй. Харин бодол санаагаа харуулахыг л эрмэлздэг.
[3] Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ. Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.
[4] Хүмүүний амнаас гарах үгс гүнийн ус мэт бөгөөд Мэргэн ухааны ундарга нь шоржигнон урсах горхи мэт буюу.
[5] Хар санаатай нэгэнд тал засах ба Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.
[6] Мунхгийн уруул нь эвдрэлцлийг авчирна. Түүний ам нь цохилтыг урьдаг.
[7] Мунхгийн ам өөрийг нь сүйтгэнэ. Түүний уруул сэтгэлийг нь урхидна.
[8] Ам хэлээ билүүдэгчийн үгс амтат идээ будаа мэт ба Тэдгээр үгс ходоодны мухарт ч хүрнэ.
[9] Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй хүн Үрэн таран хийгч нэгний ах дүү нь мөн.
[10] ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
[11] Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот ба Өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ.
[12] Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг бол Хүндлэлийн өмнө даруу зан байдаг.
[13] Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь Хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ.
[14] Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?
[15] Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.
[16] Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж, Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.
[17] Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг.
[18] Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөд Эрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг.
[19] Гомдсон ах дүүг буцаж эргүүлэх нь Хүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү. Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ.
[20] Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх бөгөөд Тэрээр уруулаасаа гаргах бүтээгдэхүүнээр цадна.
[21] Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.
[22] Эхнэрийг олдог хүн сайныг олж, ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг.
[23] Ядуу хүн өршөөл гуйдаг бол Баян хүн таагүй хариулт өгдөг.
[24] Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.