[1] Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү? Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү?
[2] Замын дэргэдэх өндөрлөгийн орой дээр, Жимүүд нийлэх газарт тэр зогсож байдаг.
[3] Дааман хаалгануудын дэргэд, хот уруу орох газарт, Хаалгануудын үүдэнд ч тэр чангаар хашхирна.
[4] Ингэхдээ "Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна. Миний дуу хоолой хүний хөвгүүдэд хандаж байна.
[5] Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун. Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
[6] Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина. Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно.
[7] Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг. Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ.
[8] Амнаас минь гарах бүх үгс шударга зөв бөгөөд Тэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ.
[9] Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд Мэдлэгийг олж авагсдад зөв юм.
[10] Цалин цагаан мөнгийг бус, харин миний зааврыг авагтун. Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
[11] Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй. Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй.
[12] Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог ба Мэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог.
[13] ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.
[14] Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх. Би болбоос оюун ухаан мөн. Хүч нь минийх.
[15] Хаад надаар хаанчилдаг. Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог.
[16] Тайж нар болон язгууртнууд, Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.
[17] Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.
[18] Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.
[19] Миний үр жимс алтнаас ч, Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр. Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.
[20] Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.
[21] Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөд Тэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.
[22] Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.
[23] Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан.
[24] Хөлгүй гүн ба усаар бялхах булаг байхгүй байхад би бий болсон.
[25] Уулсыг босгохоос өмнө хийгээд толгодын өмнө би бий болсон.
[26] Газар дэлхий болон талыг хийгээд Ертөнцийн анхны тоосонцрыг ч Тэр бүтээгээгүй байхад Би бий болсон юм.
[27] Тэр тэнгэрийг тогтооход болон гүний гадаргуун дээр хүрээг сийлэхэд,
[28] Дээр нь огторгуйг тогтоох үед, мөн гүний булгууд бий болоход,
[29] Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд, Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.
[30] Тэгэхэд би Түүний хажууд уран дархан мэт байв. Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд Түүний өмнө үргэлж баярлаж байв.
[31] Түүний газар болох дэлхийд баярлан, Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.
[32] Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун. Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.
[33] Сургамжийг дагаж, мэргэн байгтун. Тэдгээрийг бүү үл тоомсорло.
[34] Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан, Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
[35] Учир нь намайг ологч нь амийг олж, ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.
[36] Харин миний эсрэг нүгэл үйлддэг хүн өөрийгөө гэмтээдэг. Намайг үзэн ядагч бүхэн нь үхлийг хайрлагч болой" гэв.