[1] Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.
[2] Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав.
[3] Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав.
[4] Ингэхдээ "Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!" гэдэг аж. Ухаан мөхөс нэгэнд тэрээр
[5] "Нааш ир, хоол хүнснээс минь зоогло. Хутгасан дарснаас минь уугтун.
[6] Мунхаг явдлаа орхин амьд яв. Оюун ухааны замаар яв" гэж хэлдэг.
[7] Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг. Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг.
[8] Басамжлагч нэгнийг бүү зэмлэ, Учир нь тэр чамайг үзэн ядна. Мэргэн нэгнийг зэмлэ. Тэр чамайг хайрлана.
[9] Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.
[10] ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн.
[11] Учир нь өдөр хоног чинь надаар уртсах болно. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх болно.
[12] Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг. Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно.
[13] Мунхаг эмэгтэй нь чимээ дуулиантай агаад юу ч мэддэггүй, гэнэн нэгэн юм.
[14] Тэрээр гэрийнхээ үүдэнд болон хотын өндөрлөг газруудын суудал дээр суун,
[15] Өнгөрөн явагсдыг, чигээрээ цэх алхагсдыг дууддаг юм.
[16] Тэр эм "Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн" гэдэг аж. Ухаан мөхөс эрд хандан тэрээр,
[17] "Хулгайлсан ус чихэрлэг. Нууцлан идсэн талх амттай" гэдэг.
[18] Харин тэнд нь үхдлүүд байх бөгөөд Тэр эмийн зочид гийчид нь Үхэгсдийн орны гүнд байдгийг мөнөөх эр мэддэггүй ажээ.