[1] Журамт байдалд дуртай хүн мэдлэгт дуртай. Харин зэмлэлийг үзэн ядагч нь мунхаг болой.
[2] Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ. Ов мэхтэнг Тэр шийтгэнэ.
[3] Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм. Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ.
[4] Сайн эхнэр нөхөртөө титэм юм. Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу.
[5] Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг. Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж.
[6] Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг. Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна.
[7] Хорон санаатнууд сүйрч устан үлдэхгүй. Харин шударга зөв хүний орон гэр нь үлдэнэ.
[8] Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол Гуйвуулагч нэгэн гадуурхагдана.
[9] Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс, Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр.
[10] Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол Хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж.
[11] Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.
[12] Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм. Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна.
[13] Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг.
[14] Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна. Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ.
[15] Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг. Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм.
[16] Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ. Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө.
[17] Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг. Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг.
[18] Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.
[19] Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.
[20] Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.
[21] Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй. Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг.
[22] Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.
[23] Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй. Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг.
[24] Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол Лазан гар албадлагын ажилчин болгож орхино.
[25] Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол Эелдэг үг түүнийг баярлуулдаг.
[26] Зөв шударга хүн өөрийн хөршдөө газарчин болдог бол Хар санаатай хүмүүсийн зам бусдыг төөрүүлдэг.
[27] Залхуу хүн ангийн махаа шарахгүй. Харин хүний үнэт өмч хөрөнгө бол хичээнгүй байх явдал билээ.
[28] Зөв шударга хүний зам дээр амь бий. Түүний зам дээр үхэл байхгүй.