[1] Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос Амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр.
[2] Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч, Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ.
[3] Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг.
[4] Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог. Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна.
[5] Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.
[6] Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм. Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм.
[7] Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно. Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй.
[8] Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм. Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.
[9] Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг. Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотны анд нөхдийг салгадаг.
[10] Ухаантай хүнд хандсан зэмлэлийн нөлөө нь мулгуу хүнийг зуун удаа цохьсноос ч илүү юм.
[11] Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг. Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно.
[12] Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаас Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.
[13] Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.
[14] Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.
[15] Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.
[16] Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?
[17] Анд найзууд ямар ч үед бие биенээ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг.
[18] Ухаанаар хомс хүн гар барин амлаж, Хөршийнхөө батлан даагч болдог.
[19] Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай. Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг.
[20] Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй. Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно.
[21] Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна. Мунхгийн эцэг баяр баясгалангүй.
[22] Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна.
[23] Шударга замыг завхруулахын тулд Хар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг.
[24] Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг. Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна.
[25] Мунхаг хүү эцгийгээ халаглуулна. Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм.
[26] Зөв шударга нэгнийг торгох нь сайн хэрэг бишийн адил Үнэнч шударга үйлсийнх нь төлөө түшмэдийг цээрлүүлэх нь сайн хэрэг биш ээ.
[27] Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм. Ухаантай хүмүүн уужим дотортой.
[28] Мунхаг хүн ч гэсэн чимээгүй байх аваас мэргэн хүнд тооцогдоно. Тэрээр амаа хамхиад суувал хэрсүү нэгэнд тооцогдоно.