[1] Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол Зөв шударга хүн арслан мэт зоригтой.
[2] Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг. Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно.
[3] Эгэл дорд хүмүүсийг зовоодог ядуу хүн хоол хүнс үлдээлгүй тариаланг усанд автуулах аадар бороотой адил ажээ.
[4] Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг. Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг.
[5] Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй. Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.
[6] Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр.
[7] Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн. Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.
[8] Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.
[9] Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.
[10] Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана. Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.
[11] Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.
[12] Шударга зөв хүмүүс ялахад, аугаа алдар суу байна. Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
[13] Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ.
[14] ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино. Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.
[15] Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.
[16] Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг. Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана.
[17] Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж.
[18] Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно. Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана.
[19] Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно. Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно.
[20] Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно. Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ.
[21] Тал засах нь сайн зүйл биш. Учир нь хүн зүсэм талхны төлөө нүгэл үйлддэг.
[22] Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг.
[23] Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг.
[24] Эцэг эхээ цөлөмчихөөд, "Энэ бол нүгэл биш" хэмээн хэлэгч болбоос Сүйтгэгч хүний хамсаатан юм.
[25] Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг. Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно.
[26] Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг.
[27] Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй. Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ.
[28] Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана. Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.