Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:41

[1] Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс. Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа.

[2] Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг. Миний сургамжийг бүү орхигдуул.

[3] Би эцгийнхээ хүү, эхийнхээ энхрий ганц хүү нь байхад

[4] Эцэг маань надад сургаж, "Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав. Миний тушаалуудыг сахьж, амьдар.

[5] Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.

[6] Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ.

[7] Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой.

[8] Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна.

[9] Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина" гэж хэлсэн.

[10] Хүү минь, сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.

[11] Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө. Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан.

[12] Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна. Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй.

[13] Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, Учир нь тэр бол чиний амь мөн.

[14] Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй.

[15] Түүнээс зайлсхий. Түүгээр дайран гарах ч хэрэггүй. Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр.

[16] Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм. Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.

[17] Учир нь тэд хар санааны талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас уудаг.

[18] Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.

[19] Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.

[20] Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс.

[21] Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.

[22] Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биенд эрүүл мэнд юм.

[23] Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.

[24] Мэхлэгч амыг цааш тавь. Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул.

[25] Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг.

[26] Хөлийнхөө доорх замыг хар. Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно.

[27] Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.

Сургаалт Үгс — Chapters