[1] Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.
[2] Өөрийн амнаасаа гарах үр жимснээсээ хүн сайн сайхныг амсдаг. Харин итгэл эвдэгчийн хүслэн нь хүчирхийлэл билээ.
[3] Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.
[4] Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
[5] Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг бол Хар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг.
[6] Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг бол Хар санаа нь нүгэлтнийг ниргэдэг.
[7] Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна. Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.
[8] Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй. Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно.
[9] Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг. Харин хар санаатны дэнлүү бөхдөг.
[10] Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.
[11] Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно. Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна.
[12] Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол Биелсэн хүсэл амийн мод болой.
[13] Үгийг үл тоомсорлогч нэгэн өөрийгөө өрөнд унагаж буй хэрэг. Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ.
[14] Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөд Үхлийн занганаас холдуулдаг.
[15] Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг. Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ.
[16] Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг бол Мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг.
[17] Хар санаатай элч гай зовлонд унана. Харин итгэлт элч илааршлыг авчирна.
[18] Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ. Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно.
[19] Биелсэн хүсэл нь сэтгэлд амтат бурам аж. Харин мунхаг хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвүүцдэг аж.
[20] Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.
[21] Гай зовлон нүгэлтнүүдийг мөшгөдөг. Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм.
[22] Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг. Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.
[23] Ядуу хүний тариан талбайд үр тариа арвин ургаж болох ч гэсэн Шударга бус байдал түүнийг хоосруулна.
[24] Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн.
[25] Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг бол Хар санаатай хүний ходоод хонхолзоно.