[1] Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.
[2] Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг.
[3] Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
[4] ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ. Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.
[5] Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм. Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
[6] Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.
[7] Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
[8] Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
[9] Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
[10] Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг. Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.
[11] Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг. Уутан доторх бүх туухай Түүнийх юм.
[12] Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас Хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.
[13] Шударга зөв уруул хаанд таалагддаг. Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг.
[14] Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.
[15] Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу.
[16] Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.
[17] Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.
[18] Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.
[19] Бардам хүмүүстэй олз хувааснаас, Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр.
[20] Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно. ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!
[21] Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ. Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.
[22] Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм. Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм.
[23] Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд Уруулдаа ятгалгыг нэмдэг.
[24] Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу. Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой.
[25] Хүнд зөв мэт санагдавч, Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
[26] Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг. Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг.
[27] Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг. Түүний үгс дүрэлзэх гал мэт болой.
[28] Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотны анд нөхдийг салгадаг.
[29] Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж, Сайн биш замаар дагуулдаг.
[30] Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг. Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг.
[31] Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.
[32] Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.
[33] Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.