[1] Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.
[2] Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг, Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.
[3] Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.
[4] Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
[5] Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.
[6] Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал нь Нүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.
[7] Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тул Тэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ.
[8] Гэмт хүний зам тахир байдаг. Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага нь зөв шулуун.
[9] Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас Дээврийн буланд амьдарсан нь дээр.
[10] Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ. Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй.
[11] Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог. Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.
[12] Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөд Хар санаатныг мөхөл уруу авчирна.
[13] Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.
[14] Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна. Өвөрт нь хийсэн хээл хахууль ихэд хилэгнүүлнэ.
[15] Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр бол Гэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог.
[16] Ухааны замаас төөрсөн хүн үхэгсдийн цуглаанд байраа эзэлнэ.
[17] Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна. Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.
[18] Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөд Зальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно.
[19] Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр.
[20] Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий. Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.
[21] Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь Амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.
[22] Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч, Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана.
[23] Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.
[24] Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс "Бардам", "Их зант", "Басамжлагч" зэрэг нь аж.
[25] Залхуугийн хүслэн түүнийг үхэлд хүргэнэ. Учир нь түүний гар ажиллахаас татгалздаг.
[26] Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ. Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг.
[27] Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!
[28] Хуурамч гэрч мөхөх болно. Харин үнэнийг сонсогч хүн мөнхөд ярих болно.
[29] Хар санаатай хүн догшин дүр исгэнэ. Харин шударга шулуун хүн замаа цэх байлгахыг хичээнэ.
[30] ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.
[31] Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч Ялалт нь ЭЗЭНий гарт байдаг.