Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:09

[1] Хүү минь, миний сургаалыг бүү март. Зүрх чинь тушаалуудыг маань сахих болтугай.

[2] Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт, Амар тайвныг тэд чамд нэмэх болно.

[3] Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.

[4] Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.

[5] Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

[6] Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.

[7] Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.

[8] Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно.

[9] Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.

[10] Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.

[11] Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор.

[12] Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.

[13] Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.

[14] Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү, Орлого нь шижир алтныхаас ч илүү.

[15] Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй.

[16] Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй.

[17] Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван.

[18] Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.

[19] ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож, Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ.

[20] Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.

[21] Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахьж, Энэ бүхнийг нүднээсээ бүү салга.

[22] Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, Хүзүүнд чинь гоёл болно.

[23] Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй.

[24] Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй. Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.

[25] Гэнэтийн аймшгаас бүү ай. Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай.

[26] Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөд Хөлийг чинь занганд орохоос хамгаална.

[27] Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.

[28] Туслах боломжтой атлаа хөршдөө "Яваад ир. Маргааш би өгье" гэж бүү хэл.

[29] Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд.

[30] Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд.

[31] Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх. Тийм хүний аль ч замыг бүү сонго.

[32] Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм.

[33] ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна. Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө.

[34] Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловч Зовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг.

[35] Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг бол Мунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.

Сургаалт Үгс — Chapters