[1] Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,
[2] Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол,
[3] Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол,
[4] Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол,
[5] ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна.
[6] Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг.
[7] Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг ба Үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн.
[8] Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм.
[9] Тэгвэл зөв болон шударга явдал, Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно.
[10] Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж, Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно.
[11] Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална.
[12] Энэ нь чамайг хорон муугийн замаас, Гажсан зүйлсийг яригч хүнээс,
[13] Харанхуйн замаар явах гэж цэх шулуун замыг орхигсдоос,
[14] Хорон мууг хийдгээрээ бахархдаг, Хорон муугийн гажсан зүйлсэд баясдаг хүмүүсээс,
[15] Хазгай муруй замтай хүмүүсээс болон замаасаа эргэж буцдаг хүмүүсээс,
[16] Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.
[17] Тэр эм идэр насныхаа ханийг орхиж, Бурханыхаа гэрээг умартжээ.
[18] Учир нь түүний орон гэр мөхөлд шигдэж, Зам нь үхэгсэд уруу хөтөлнө.
[19] Түүн уруу явсан хүмүүсээс нэг нь ч эргэж ирдэггүй бөгөөд Амийн замд хүрдэггүй.
[20] Тиймээс чи сайн санаатнуудын замаар явж, Шударга зөв хүмүүсийн жимийг дага.
[21] Учир нь цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч, Буруугүй нь байсаар байх болно.
[22] Харин хар санаатан газраас тастагдаж, Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.