Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:13

[1] Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул. Миний ухааныг чих тавин сонс.

[2] Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж, Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм.

[3] Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг ба Түүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм.

[4] Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц аж.

[5] Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг. Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.

[6] Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй. Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ.

[7] Иймд, хөвгүүд минь, намайг сонс. Миний амнаас гарах үгнээс бүү зөр.

[8] Тэр эмээс хол бай. Гэрийнх нь үүдээр ч ойрхон явж болохгүй.

[9] Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад, Он жилүүдээ харгис нэгэнд өгөх болно.

[10] Чиний хүчийг гадны хүмүүс завшиж, Нөр их зүтгэлээр олсон эд хөрөнгө чинь харь хүний орон гэрт очих болно.

[11] Эцэст нь бие махбод чинь тамир тэнхээгээ барахын цагт чи гаслан,

[12] "Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа! Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв.

[13] Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй, Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй!

[14] Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна" гэж хэлнэ.

[15] Өөрийнхөө усан сангаас уу. Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу.

[16] Чиний ундарга гудамж уруу хальж, Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?

[17] Энэ бүхэн нь ганцхан чинийх байг! Үүнийг гадны хүмүүстэй бүү хуваалц.

[18] Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай! Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.

[19] Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил, эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай. Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.

[20] Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж, Харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?

[21] Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм. Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.

[22] Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.

[23] Сургамж дутсанаас болж тэр үхнэ. Мөн өөрийн олон мунхаглалаас болж тэр төөрөн одох болно.

Сургаалт Үгс — Chapters