Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:19

[1] Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.

[2] Бардам зан нэр хугална. Даруу зан болбоос мэргэн ухаан.

[3] Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг бол Итгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.

[4] Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.

[5] Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог. Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.

[6] Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна. Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана.

[7] Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог. Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна.

[8] Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол Хар санаатай хүн оронд нь ордог.

[9] Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө. Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.

[10] Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.

[11] Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг бол Хар санаатны ам түүнийг доош нураадаг.

[12] Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг. Харин ухаалаг нэгэн дуугүй байна.

[13] Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.

[14] Удирдлага муу байх аваас ард түмэн нь унана. Харин олон зөвлөгч нартай байх аваас ялалтад хүрнэ.

[15] Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно. Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.

[16] Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ. Шаргуу дайчин эр баялгийг олно.

[17] Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.

[18] Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ. Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ.

[19] Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ. Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ.

[20] Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг.

[21] Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ. Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.

[22] Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.

[23] Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм. Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.

[24] Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий. Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.

[25] Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.

[26] Үр буудайгаа нууж нөөцөлдөг нэгнийг хүмүүс зүхнэ. Харин түүнийгээ зарж худалддаг нэгэнд ерөөл оршино.

[27] Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно. Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ.

[28] Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана. Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ.

[29] Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө. Мөхөс хүн мэргэн хүний зарц болно.

[30] Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм. Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна.

[31] Шударга зөв хүн хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Хар санаатан хийгээд нүгэлтэн нь хэд дахин илүү хариугаа хүртэх бол доо!

Сургаалт Үгс — Chapters