[1] Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь
[2] Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, Билиг ухааны үгсийг ойлгох,
[3] Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах,
[4] Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;
[5] Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
[6] Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд ба Мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм.
[7] ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
[8] Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор.
[9] Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ.
[10] Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.
[11] Хэрэв тэд чамд "Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе. Гэмгүй нэгнийг отоцгооё.
[12] Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.
[13] Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, Орон гэрээ олзоор дүүргэх болно.
[14] Бидэнтэй хамт шавга хая. Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно" гэвэл,
[15] Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв. Жимээс нь хөлөө хол байлга.
[16] Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд Тэд цус урсгах гэж яарч сандарна.
[17] Чухамдаа, шувууг харсаар байтал нь Өмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ.
[18] Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж. Тэд өөрсдийн амийг отох аж.
[19] Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой. Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.
[20] Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж, Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг.
[21] Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөд Хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм.
[22] "Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хэр удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?
[23] Миний зэмлэлд эргэн ханд. Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна, та нарт үгээ мэдүүлнэ.
[24] Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй.
[25] Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн.
[26] Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж, Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ.
[27] Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.
[28] Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.
[29] Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.
[30] Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй, Миний бүх зэмлэлийг хайхраагүй.
[31] Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.
[32] Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.
[33] Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна".