[1] Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.
[2] Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөд Түүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.
[3] Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм. Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.
[4] Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй. Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.
[5] Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөд Ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана.
[6] Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг ч Итгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?
[7] Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг. Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.
[8] Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.
[9] Хэн "Би зүрх сэтгэлээ цэвэрлэв. Би нүгэл хилэнцээсээ ариусав" хэмээн хэлж чадах билээ?
[10] Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг.
[11] Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг.
[12] Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.
[13] Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно. Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.
[14] Худалдан авагч нь "Энэ нь ч муу. Тэр нь ч муу" гэж өөлж голдог атлаа Аваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг.
[15] Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловч Мэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм.
[16] Гадны хүний өмнөөс ам гарагчийн дээлийг тайлж ав. Харь хүний өмнөөс гаргах төлөөсийг түүнээс гаргуул.
[17] Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм. Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.
[18] Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт.
[19] Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд.
[20] Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.
[21] Эхэндээ үтэр түргэн олддог өв залгамжлал нь эцэстээ ерөөгдөхгүй.
[22] "Хорон муугийн хариуг би өгнө дөө" гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.
[23] Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ. Хуурмаг жин сайн зүйл биш ээ.
[24] Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг. Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?
[25] "Энэ бол ариун" хэмээн хурдан хуумгай хэлээд, Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.
[26] Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж, Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.
[27] Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.
[28] Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөд Тэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.
[29] Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ. Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс.
[30] Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг. Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.