Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:51

[1] Маргаашаар бүү сайрх. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ.

[2] Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гадны хүн чамайг магтаг.

[3] Хад чулуу хүнд ба элс ч жин татна. Харин мунхгийн өдөөн хатгалга эдгээр хоёроос ч хүнд аж.

[4] Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?

[5] Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр.

[6] Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм.

[7] Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй. Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг.

[8] Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу.

[9] Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.

[10] Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр.

[11] Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм.

[12] Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол Гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг.

[13] Гадны хүнийг батлан даагчийн дээлийг тайлж ав. Завхай эмэгтэйн өмнөөс өр төлөөсийг нь гаргуулж ав.

[14] Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүн Түүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно.

[15] Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу.

[16] Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу.

[17] Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг.

[18] Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно. Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ.

[19] Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна.

[20] Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.

[21] Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана.

[22] Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.

[23] Мал сүргийнхээ байдлыг сайн мэд. Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь.

[24] Учир нь эд баялаг мөнх биш. Хааны титэм ч үе дамжихгүй.

[25] Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж,

[26] Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө.

[27] Чамайг болон гэр бүлийг чинь хооллохоор бас зарц охидыг чинь тэжээхээр чамд ямааны сүү элбэг дэлбэг байх болно.

Сургаалт Үгс — Chapters