[1] Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс юм. Энэхүү сургаалт үгсийг Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс нэгтгэн сийрүүлэв.
[2] Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
[3] Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
[4] Мөнгийг хольцноос нь цэвэршүүл. Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.
[5] Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай. Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно.
[6] Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил. Аугаа хүмүүсийн байранд бүү зогс.
[7] Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос, "Дээшээ морилогтун" гэж хэлэгдсэн нь дээр биз ээ.
[8] Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар. Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?
[9] Өөрийн хэргээ хөрштэйгөө л шийд. Бусдын нууцыг бүү задруул.
[10] Эс тэгвэл үүнийг сонссон хүн чамайг буруутгах вий. Чиний тухай хорон муу мэдээ хааяагүй тарна шүү.
[11] Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.
[12] Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.
[13] Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг. Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ.
[14] Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу.
[15] Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.
[16] Чи зөгийн бал олсон уу? Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээний хэрээр л түүнийг ид.
[17] Хөршийнхөө гэрт цөөхөн оч. Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно.
[18] Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.
[19] Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.
[20] Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоос шархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу.
[21] Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг. Цангасан бол уух юм өг.
[22] Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана.
[23] Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна.
[24] Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр.
[25] Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна.
[26] Шударга зөв хүн хар санаатны өмнө нүгэлд унах нь бохирдсон худаг бөгөөд Булингартсан булаг мэт буюу.
[27] Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ.
[28] Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.