[1] Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.
[2] Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол Мунхаг ам мунхаглал урсгадаг.
[3] ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг.
[4] Анагаадаг хэл амийн мод юм. Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг.
[5] Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.
[6] Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг. Харин хорон санаатны орлого гай зовлон билээ.
[7] Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол Мунхгуудын зүрх тийм биш юм.
[8] Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.
[9] Хар санаатны зам ЭЗЭНий хувьд жигшүүртэй боловч Шударга зөвийн араас явагчдыг Тэр хайрладаг.
[10] Хатуу шийтгэл замаасаа гажигч нарт зориулагджээ. Зэмлэлийг үзэн ядагч нь үхнэ.
[11] Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг бол Хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу?
[12] Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
[13] Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ.
[14] Гярхай хүний оюун ухаан мэдлэгийг эрж хайдаг. Харин мунхгуудын ам мунхаглалыг л зооглодог.
[15] Зовж шаналсан хүмүүсийн бүх л өдрүүд муу муухай. Харин хэний зүрх хөгжилтэй байна, Түүнд найр наадам үл тасарна.
[16] Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас, Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр.
[17] Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, Хайр буй газрын өвсөн хоол нь дээр.
[18] Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.
[19] Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж. Шударга хүмүүсийн зам шулуун аж.
[20] Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг.
[21] Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог бол Ухаарагч хүн цэх замаар явдаг.
[22] Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй.
[23] Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог. Цагаа олсон үг юутай сайхан бэ!
[24] Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.
[25] ЭЗЭН бардам хүний гэрийг нураана. Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө.
[26] Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй бол Зөв үгс Түүнд тааламжтай.
[27] Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.
[28] Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг. Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө.
[29] ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа Шударга зөв хүний залбирлыг сонсдог.
[30] Дулаахан харц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд эм болдог.
[31] Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно, Тэр хүн мэргэдийн дунд амьдарна.
[32] Хэн сахилгыг үл ойшооно, Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг. Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна.
[33] ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.