Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:20

[1] Хүү минь, хэрэв чи хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж, Гадны хүний төлөө гар барин амласан бол,

[2] Амныхаа үгээрээ өөрийгөө занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөн бол,

[3] Миний хүү, чи хөршийнхөө гарт нэгэнтээ орсон тул эдгээрийг хийж, өөрийгөө авар. Явж, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй.

[4] Нүд чинь нойронд бүү дийлдэг. Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг.

[5] Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт, Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар.

[6] Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай.

[7] Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа,

[8] өөрийнхөө хоол тэжээлээ зуны цагт бэлдэж, Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг.

[9] Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?

[10] "Жаахан унтаадахъя, жаахан дуг хийгээдэхье, Жаахан амраадахъя" гэсээр байтал

[11] Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт, Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ.

[12] Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,

[13] Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан,

[14] Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж, Эвдрэлцлийг тараадаг юм.

[15] Тиймээс сүйрэл нь гэнэт ирж, Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ.

[16] ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог.

[17] Эдгээр нь гэвээс Ихэмсэг харц, Худалч хэл, Гэм зэмгүй цусыг урсгагч гар,

[18] Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, Хорон муу уруу түргэн гүйгч хөл,

[19] Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой.

[20] Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.

[21] Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.

[22] Тэд чамайг явахад чинь удирдаж, Нойрсоход чинь хамгаална. Сэрэхэд чинь тэд чамтай ярина.

[23] Учир нь тушаал нь дэнлүү юм. Сургамж нь гэрэл юм. Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн.

[24] Энэ нь чамайг хорон муу эмээс болон Садар эмийн уян найлинхай хэлээс хол байлгахын тулд билээ.

[25] Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс. Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.

[26] Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ.

[27] Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү?

[28] Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү?

[29] Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй.

[30] Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй.

[31] Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж, Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой.

[32] Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.

[33] Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй.

[34] Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө.

[35] Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй, Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.

Сургаалт Үгс — Chapters