[1] "Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.
[2] Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ? Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ? Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа.
[3] Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун. Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.
[4] Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно.
[5] Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан, чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм".
[6] Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.
[7] Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.
[8] "Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр" гэж ЭЗЭН айлдаж байна.
[9] Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.
[10] Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, (харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг.)
[11] Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.
[12] "Учир нь чи баяртайгаар гарч явж, амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, талын бүх модод алга ташицгаана.
[13] Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Энэ бол ЭЗЭНд нэр, үл устах мөнхийн тэмдэг болно".